Импортыг бүрэн орлох гол 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломж байна

Импортыг бүрэн орлох гол 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг

Монголдоо үйлдвэрлэх боломж байна

Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-2011″ үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээгдлээ. Монгол Улсын Засгийн газар, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ:  Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал нь манай нийгмийн тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлын нэг мөн гэдэгтэй бүх хүн санал нэгтэй байгаа. Тиймээс хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бий болгох хамгийн оновчтой зохистой арга хэлбэр болох үйлдвэрлэлийг дэмжих, гадаад, дотоодын эх үүсвэр, зээлийг нэмэгдүүлэх ажиллагааг энэ онд ч эрчимтэй хэрэгжүүлнэ.
Засгийн газраас өргөн барьсан “Зээлийн батлан даалтын тухай” хуулийг УИХ-аас удахгүй хэлэлцэн, баталснаар зээлийн барьцаа хөрөнгө нь дутагдаж байгаа олон зуун үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэх боломж нэмэгдэх юм. 2011-2012 онд эдийн засгийн үр ашиг бүхий 512 үйлдвэрийг 403,3 тэр тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх судалгаа гарсан бөгөөд үүний үр дүнд 15 мянга гаруй ажлын байр бий болно. Бид маш их хэмжээний нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байна.
Гол 40 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадвал бид 600 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг хэмнэж энэ хэмжээгээр үйлдвэрлэлээ дэмжих бололцоо байна. Бид энэ боломж бололцоог ашиглах ёстой. Засгийн газраас бүхий л талаар дэмжих болно гээд  Монгол улсад үйлдвэрлэгдсэн, монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаан, шингэсэн  бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, Монголын брэнд бүтээгдэхүүнүүд өөрийн дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй, дэлхийн зах зээлд гарч улам олон хэрэглэгч, худалдан авагчтай болохын ерөөлийг дэвшүүллээ.

“Монголд үйлдвэрлэв-2011″ үзэсгэлэн худалдаанд 130 гаруй үйлдвэр аж ахуй нэгж оролцож байна. Тэд “Made in Mongolia” шошготой Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээс эхлүүлээд арьсан гутал, цүнх, модон эдлэл, буйдан, хивс, зөгийн бал, зэс, төмөрлөгийн төрөл бүрийн бараа, импорт орлох, экспортод гаргаж буй бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ. Өнгөрөгч онд манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор хүнсний аж үйлдвэрлэл 24 хувиар, хувцас үйлдвэрлэл 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35,6 хувиар тус тус өсчээ. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1,7 мянган хүнээр нэмэгдсэн байна.

ЗАСГИЙН ГАЗАР ХҮНСНИЙ ХАНГАМЖ,АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА  

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг шийдэхийн тулд бүх талын оролцоо, бүх талын хяналтын тогтолцоо чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Тэрээр хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Чингис” зочид буудалд зохион байгуулсан “Монгол хөрс, монгол хүнс” зөвлөлдөх уулзалтад оролцохдоо ингэж хэлэв.
Манай улс хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, үзүүлж байгаа дэмжлэг зохицуулалтаа нэмэх зэргээр тодорхой зорилт дэвшүүлж үр дүнд хүрч байгаагийн нэг нь “Атрын III” тариалангийн үндэсний хөтөлбөр.  Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд хүнсний улаан буудайн импортын хараат байдлаас гарч, улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн нь үүний баталгаа юм.  Тухайлбал иргэдээ гурилаар хангах бодлого явуулсны дүнд өнгөрсөн жил 143 мянган тонн гурил үйлдвэрлэсэн нь 2008 онтой харьцуулахад 2 дахин өссөн тухай Ерөнхий сайд хэлээд энэ бол бидний хамтын хүч, хөдөлмөрийн үр дүн гэлээ.
Засгийн газар “Монгол мал”, “Хүнсний баталгаат байдал”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх” зэрэг хөтөлбөр, баримт бичиг батлуулж хэрэгжүүлж байгаа. Мөн “Хүнсний аюулгүй байдал”, “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” зарлан энэ хүрээнд хүнсний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хэвийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх орчин нөхцлийг нь бүрдүүлсэн нь үр дүнд хүрсэн.  2008 онд хүнсний салбарынхан 186 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2010 онд 282 тэрбумд хүрч, бүтээгдэхүүний чанар, сав, баглаа боодол өдрөөс өдөрт сайжирч байгаа зэргийг хэлж болно.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ цаашид хүнсний хангамжид олсон ололт амжилтаа бататгах, тогтворжуулах, өргөжүүлэх шаардлага байгааг онцолж төр, засгаас баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулах, нэгдсэн бодлогоор хангахын тулд иргэд, олон нийт, орон нутгийн төрийн байгууллагууд санаачилгатай байх, гаргасан санаачилгыг нь Засгийн газар дэмжих, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэх зэрэг менежмент чухал байгааг тэмдэглэв.  Тэрээр өрх бүр үйлдвэрлэгч байж орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа авч явах, иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, эх орныхоо баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг сонгож, зохистой хэрэглээ бий болгохыг уриаллаа.
Ерөнхий сайд С.Батболд хэдхэн хоногийн өмнө мах, махан бүтээгдэхүүн болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын мэргэжлийн холбооны удирдлагуудтай уулзаж үйлдвэрлэлийн бодлого, татвар, санхүү, зээл гээд төр, засгаас үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцсан юм.  Энэ уулзалтын үеэр гарсан санал, санаачлага болон “Монгол хөрс, монгол хүнс” зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийг ажилдаа тусган эрх зүйн орчинг сайжруулах, дэд бүтэц бий болгох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд анхаарна гэдгээ Ерөнхий сайд уулзалтад оролцогсдод амлалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *